ОНЛАЙН ТУСЛАХ
 
  • Манукол академи
  МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ
  ЗАРЛАЛ   ( бусад)
 
    Биднийг дагах >  
 
МЭНДЧИЛГЭЭ
Тэнгэр язгуурт хөх нуруутанууд минь ээ!
Тэнгэр заяат монгол түмэн минь ээ!
Босоо хийморьт элгэн садан минь ээ!
Бадраа түүхт нүүдэлч олон минь ээ!
Монгол суу ухааны Манукол академиас та бүхэнд
Гийж буй гэгээн цаг
Гэгээрч буй гэрэлт эрин
Ойртож буй оюун мандал
Урагшилж буй ухаант ирээдүйн      
Билиг зангидсан ашдыг дуудаж мэндчилье
Билгүүн оньсолсон ерөөлийг өргөж мэндчилье!

 
Эдүгээ цагт хүн төрөлхтөн загасны эринээс бумбын эринд шилжиж байна. Өөрөөр хэлбэл, аргын эринээс билгийн эринд шилжирч байна. Аргын эринд шинжлэх ухаан хөгжиж, шинжлэх ухааны онол сургаал дээр үндэслэсэн техник технологи гайхалтай амжилтанд хүрсэн. Түүний үр дүнд эд зүйлс хийгээд материаллаг ертөнц ихэд хөгжингүй, боловсронгуй, тансаг сайхан болов.
Харин хүн хийгээд хүний тархи, сэтгэхүй, сэтгэлгээ, оюун, ухаан, ухаарал, сэхээрэл навс унасан. Бас хүн хийгээд хүний зүрх сэтгэл, нинжин чанар, хүнлэг ёс, хайр энэрэл, ёс суртахуун, зан төлөв уланд гишгэгдсэн. Хүнийг жинхэнэ хүн болгодог, хүнийг жинхэнэ хүн байлгадаг тархи оюун, зүрх сэтгэлийн зүйлс алдагдсан гэсэн үг. Үүнтэй санал нэгдэхгүй хүн бараг үгүй байх.
Өнөөдөр бараг дэлхийн бүх хүн шинжлэх ухааны өндөр мэдлэг, чадварыг эзэмшсэн. Ихэнх нь бакалавр, магистр, боловсролын доктор, шинжлэх ухааны доктор зэрэгтэй. Гэвч хүмүүс бие биенээ ойлгож мэдэрч, хүлээн зөвшөөрч, хайрлаж хүндэлж, уучилж өршөөж, тусалж дэмжих нь улам л дордсоор. Хүмүүс өдөр ирэх тусам бие биенээсээ айж болгоомжилж, бие биенээ хардаж сэрдэж, бие биендээ атаархаж хорсож, бие биенээ хорлож дайсагнаж байна. Тэгэхээр хүмүүс шинжлэх ухааны өндөр мэдлэг, чадвартай ч амьдралын аз жаргал, төвшин сайханд төдийлөн хүрч чадахгүй байна. Энэ бол хүнийг засахад, тэр тусмаа хүний тархи оюун, зүрх сэтгэл, амьдрал ахуйг засахад зөвхөн шинжлэх ухааны мэдлэг хангалтгүй гэдгийг хэлж өгнө.
Иймд өнөөгийн бидний амьдралд хүнийг засдаг тухайлбал, хүний тархи оюун, зүрх сэтгэлийг засдаг, хүний амьдралыг засдаг мэдлэг, ухаан нэн ихээр үгүйлэгдэж байна. Гэвч монголчууд бидэнд тэр мэдлэг, ухаан байна. Түүнийг өвөг дээдэс маань бидэнд үлдээсэн бөгөөд түүнийг монгол суу ухаан гэдэг.
Монгол суу ухаанд “Хүнийг өөд нь татаж хөх тэнгэрт хүргэмүй” гэж сургадаг. Энэ бол монгол суу ухааны зорилго. Хүнийг өөд нь татна гэдэг бол тархи, оюун, ухаан, сэтгэл, зүрхийг нь, амьдралыг нь засахыг хэлнэ. Өөрөөр хэлбэл, хүнийг гэгээрүүлэх буюу гэгээрлээр амьдрах чадвартан болгох юм. Хөх тэнгэрт хүргэмүй гэдэг нь хүнийг амьдралыг гэгээрлээр засах чадвартан болгох юм.    
Монгол суу ухаанд “Хүнээр хүн хийхийн тул гэгээрүүлээд, боловсруулаад, мэргэшүүлнэ” гэж сургадаг. Монгол суу ухаанд тодорхойлсноор гэгээрэл бол зөв, үнэн, шударга, ариун. Гэгээрэх гэдэг бол зөв, үнэн, шударга, ариунд суралцах, эзэмших. Монгол суу ухаанд тодорхойлсноор боловсрол гэдэг бол орон зайндаа эзэгнэх ур дүй. Орон зайг зөв, үнэн, шударга, ариунаар буюу сайн сайхнаар л бүрэн эзэгнэнэ. Эсрэгээр буруу, худал, хуурмаг, ариун бусаар буюу муу муухайгаар эзэгнэж чадахгүй. Ийм учраас амьдралын янз бүрийн орон зайг бүрэн эзэгнэхийн тул гэгээрэл зайлшгүй шаардлагатай.
Монгол суу ухаанд тодорхойлсноор мэргэшил гэдэг бол олз хураах чадвар. Олзыг орон зайгаас хураах нь дамжиггүй. Гэхдээ бүр амьдралын орон зайгаас хураана. Их олз хураахын тул амьдралын янз бүрийн орон зайг бүрэн эзэгнэдэг байх хэрэгтэй. Үүний тул боловсрол зайлшгүй шаардлагатай. Олзыг зөв, үнэн, шударга, ариун хураахын тул гэгээрэл зайлшгүй шаардлагатай. Дүгнээд хэлбэл, аливаа хүн олз хураахгүйгээр амьдарч чадахгүй бөгөөд олзыг зөв хураахын тул гэгээрэл хэрэгтэй, олзыг их хураахын тул боловсрол хэрэгтэй.              
Ингэж хүн нэг бүрийг гэгээрлээр засах замаар монгол суу ухаан өрх бүрийг, гэр бүрийг, улс бүрийг гэгээрлээр засна. Улмаар амьдралыг гэгээрлээр засдаг ухаан. Эцэст нь тэмдэглэхэд, монгол суу ухаан бол
  1. хүнийг гэгээрлээр засах ухаан
  2. амьдралыг гэгээрлээр засах ухаан
юм.
     “Үйл үйлийн дундаас засахуйн үйл шиг бэрх нь үгүй” гэж монгол суу ухаан сургадаг. Эд зүйлсийг засах амархан. Харин хүнийг засна, амьдралыг засна гэдэг хэцүү. Тэр тусмаа гэгээрлээр засна гэдэг бүр ч хэцүү.
       Өнөөгийн хүн төрөлхтөнд засахуйн ганцхан цогц ухаан байдаг. Тэр бол эдийн засаг буюу эдээр засах ухаан. Монгол суу ухаан сургаснаар эдийг эдээр л засдаг. Харин хүнийг болон амьдралыг гэгээрлээр буюу зөв, үнэн, шударга, ариунаар л засдаг. Харамсалтай нь, өнөөгийн хүн төрөлхтөн эдийг ч, хүнийг ч, хүний тархийг ч, хүний сэтгэлийг ч, амьдралыг ч эдээр засаглах гэж мунхагланам. Үүний баталгаа нь өдөр ирэх тусам хүн төрөлхтний эдэлж хэрэглэдэг эд зүйлс л улам гял цал, гоё сайхан, тансаг болоод байх боловч хүмүүс улам л муухай болсоор байна. Муухай хүмүүс гоё эддээ гологдсоор байна. Бидний амьдралд эд материалын тансаг сайхан байгаа боловч хүн ёсны төвшин сайхан нэн ихээр дутагдаж, үгүйлэгдэж байна. 
     Цаашдаа оршин амьдрахуйн тансаг хийгээд төвшин сайханд хүрэхийн тулд зөвхөн монголчууд төдийгүй нийт хүн төрөлхтөнд шинжлэх ухааны онол, мэдлэгээс гадна бас монгол суу ухааны онол, мэдлэг зайлшгүй шааардлагатай болж байна. Монголчууд бидний өвөг дээдэс жишээлбэл, Чингис хааны байгуулсан гавъяаг өнөөдөр хүртэл өөр хэн ч давтаж чадаагүй бөгөөд өнөөдөр ч Чингис хааныг дэлхий нийтээрээ бахархан биширч байна. Үүний цаад нууц бол гагцхүү монгол суу ухаан билээ.
     Өнөөдөр дэлхийн 20 их гүрэн байна. Тэд цэнхэр гаригт төвшин сайхныг тогтоож чадахгүй байна. Учир нь, тэд эдийн засаг буюу эдээр засаглахуйн их гүрэн болж чадсан ч гэгээрлээр засаглахуйн их гүрэн болж чадаагүй. Эдээр засаглахуйн 20 их гүрэн энэ зэрэгт хүрснийхээ дараа дэлхийг төвшитгөнө гэдэг тийм ч санаснаар бүтэх ажил бишийг одоо л мэдэрч байгаа бөгөөд энэхүү ухаарлыг олсныхоо дараа Чингис хаан болон Монголын эзэнт гүрэн гэж хэн байсныг, юу бүтээснийг одоо л ойлгож эхэлж байна. Энэ хэрээр тэд өдөр ирэх тусам Монголыг сонирхож, Чингис хааны эрдэм ухаан, оюун билигт анхаарал хандуулж байна. Өөрөөр хэлбэл, тэд нэрлэж, хэлж чадахгүй ч Чингис хааны суу билиг, суу заль буюу суу ухаанд анхаарал хандуулж байна.
     Агуу үйл хэргийг агуу тархитай, агуу сэтгэхүйтэй хүн л бүтээх нь мэдээж. Суут хүн бол суу билигтэй, суу ухаантай байх нь гарцаагүй. Монгол түмний суу билиг, суу ухаан бадраг, дэлгэрэг, түгэг!    
 

Танд манай сайт таалагдаж байвал LIKE, SHARE хийгээрэй. Танд баярлалаа.


ЭНД ДАРЖ НАЙЗУУДДАА ТҮГЭЭ /SHARE/
  Free counter and web stats