ОНЛАЙН ТУСЛАХ
 
  • Манукол академи
  МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ
  ЗАРЛАЛ   ( бусад)
 
    Биднийг дагах >  
 
НИЙГЭМ ҮҮ, НИЙХЭМ ҮҮ?
Физикч, философич, доктор З.Бат - Отгон

НИЙГЭМ ҮҮ,  НИЙХЭМ ҮҮ?
 
Амьтад сүрэглэн амьдардаг. Тэгвэл хүмүүс ч сүрэглэн амьдрах жамтай бөгөөд хүмүүсийн нийтээрээ хамтран амьдрах тогтолцоог нийхэм гэдэг байна. Ний гэдэг нь нийтээрээ, олуулаа гэсэн утга. Хэм гэдэг нь хэм хэмжээ. Тэгэхээр нийхэм гэдэг нь нийтээрээ хэм хэмжээтэй амьдрах тогтолцоо гэсэн утгыг илэрхийлдэг байна. Өөрөөр хэлбэл, нийхэм гэдэг бол хүмүүс хамтран амьдрахдаа нийтээрээ дагаж мөрдөх хэм хэмжээ, ёс ажээ. Тэрхүү нийтээрээ дагаж мөрдөх хэм хэмжээ нь юу вэ?
Барууны хэмээх тодотголтой суурин соёл иргэншил нь формацын онолоор хүй нэгдлийн, боолын, феодалын, капиталист хэмээх нийгмийн хөгжлийн дөрвөн үе шатыг дамжин хөгжиж ирсэн байдаг. Эдгээрийг нэгтгээд аваад үзвэл, тэдгээр нь газар болон хөдөлмөрийн багаж зэвсэг, үйлдвэрлэлийн хэрэгслийг хэн өмчилж авч чадсан нь чадаагүйгээ дарладаг, мөлждөг, дарангуйлдаг шударга бус, харгис тогтолцоо байсан. Энд хүний тархины хөгжил, ухамсар хийгээд оюуны хөгжил, эрдэм мэдлэг, боловсрол хүмүүжлийн тухай огтхон ч анхаараагүй. Өөрөөр хэлбэл, нийгэмд дарлал мөлжлөг, дарангуйлал, шударга бус ёс тогтохдоо зөвхөн өмч хөрөнгөн дээр л суурилсан, өмч хөрөнгийг эзэмшиж авсан болон эс авсан асуудал дээр л суурилсан нь дэндүү харамсалтай.
Аливаа нийгмийн дотор хэн нэг хүн нөгөө хүнийгээ дарлана, доромжилно, мөлжинө гэдэг бол байж боломгүй үзэгдэл. Гэтэл ухаант хүн, ухаант хүн төрөлхтөн гэж өөрсдийгөө нэрлээд байгаа өнөөгийн хүн төрөлхтөн хүй нэгдлийн тэр эрт балар цагаас өнөөдрийн соёлт, хөгжилт гэх энэ 21 – р зуунтай золготлоо хөгжихдөө дандаа шударга бус, харгис хэрцгий, доромжлол дарангуйлалын замаар замнасаар иржээ. Энэ бүхний гайгаар өнөөдөр манай дэлхийд үй олон бугшмал асуудлууд тулгарчихаад байж байна.
Энэ бүхний шалтгаан нь нийгмийн хөгжилд хүн болоод хүний ухамсарт оролцоо бага туссан, нийгмийн хөгжил онолгүй явж ирсэнтэй шууд холбоотой. Өөрөөр хэлбэл, хүн төрөлхтөн онолгүй явагчийн нийгмийг л байгуулжээ. Ер нь нийгэм гэдэг үг нь нийтээрээ гэмтэн болох тогтолцоо гэсэн утгыг илэрхийлдэг байна.   
Тэгвэл монголчуудын цогцлоон байгуулсан нүүдлийн соёл иргүншил нь өтүгэ, мугулюй, манукол, хөх монгол хэмээх нийхмийн хөгжлийн бас дөрвөн үе шатыг дамжин хөгжиж ирсэн байдаг. Монгол суу ухаанд сургаснаар хүмүүсийн сүрэглэн хамтран амьдрах хэм хэмжээ, ёсыг онолтой бий болгосон нь нийхэм, онолгүй бий болгосон нь нийгэм ажээ.  Тийм ч учраас монголчууд эдүгээгээс зуун мянган жилийн өмнөөс нийхмийг хөгжүүлж, цогцлоон байгуулж эхэлсэн байдаг. Тухайлбал, өтүгэ нийхмийг гэрийн онолоор байгуулсан  бөгөөд энэ үед овог омгуудын хооронд эв буюу амийг үүсгэн отог  бүл болон нэгдэцгээсэн. Үүний дүнд мянган сэтгэхүй байлаа ч ний тархи буюу нэгдмэл удирдлаган дор нэгдэхгүй аваас зургаан толгойтой нэг биетэй могой мэт хүчгүйдэх, мянган сэтгэхүй ний тархин дор нэгдэх аваас нэг толгойтой зургаан биетэй могой мэт хүчтэй байх нийхэмийг  бий болгож, баримтлан мөрдсөнөөр Монгол улс, үндэстний анхны нэгдлийг үүсгэсэн байдаг.
Мугулюй нийхмийг тэсэж үлдэхүйн онолоор байгуулсан бөгөөд энэ үед нэгэнт эвсэн нэгдэхүйн гэрийн онолоор байгуулагдсан отог бүлүүдийн бат тогтвортой орших 5 тусгаар тогтнолыг үүсгэх, бэхжүүлэх, хамгаалах нийхэмийг бий болгон, баримтлан хэрэгжүүлсэн байдаг. Ингэснээр отог аймаг бүр аливаа аюулд бат тогтвортой тэсэж үлдэх орон зайн, ахуйн, цусны, тархины, засгийн хэмээх 5 тусгаар тогтнолтой болж чаджээ. Өөрөөр хэлбэл, гэрийн онолоор байгуулагдсан  отог аймаг бүр өөрөө өөрийгөө засаглах нийхэмийг бий болгон, мөрдөн хэрэгжүүлжээ. Үүнийг айлын засаглал гэж нэрлэдэг. Айлын засаглалыг анд хэмээх амин чанартай ах удирддаг нийхэмтэй байжээ.    
            Манукол нийхмийг моны онолоор байгуулсан бөгөөд энэ үед отог аймгуудын ард иргэдийг моны онолоор гэгээрүүлэн, боловсруулснаар хүн бүрийг амьдралынхаа гай гэм, төвгийг өөрөө засан сайжруулдаг засагч ертөнц болгон төлөвшүүлсэн байдаг. Моны онолд боловсрох гэдэг нь  нэг талаас гэгээрлийн онолд боловсорч 108 гэгээрлийг эзэмших, нөгөө талаас эзэн биеийн онолд боловсорч амьдралд 108 төвшин тогтоох чадварыг эзэмших явдал юм. Энэ хоёрыг хослуулан эзэмшсэн хүмүүс өөрийгөө, өрх гэрээ, амьдралаа, отог аймгаа гэгээрлээр болон ухаанаар засан тохинуулах чадвартай болдог байна. Ийнхүү мануколын үед моны онолд боловсорсноор онолоор, гэгээрлээр, ухаанаар амьдралыг засах нийхэм хэрэгжсэн бөгөөд чухамхүү энэ нийхэм болон онолыг баримтлан амьдрагчид нь моныг голлогчид буюу монгол болжээ.  
            Мөн мануколын үед бусдаас гэгээрлээр болон ухаанаар амьдралыг засах чадвараараа илүү хүмүүс нь цуглаж отог аймгийнхаа хамаг асуудлыг хамтдаа хэлцэн шийддэг нийхэмтэй байжээ. Энэ бол их хуралдай бөгөөд одоогийн ойлголтоор парламент үүссэн нийхэм юм.
            Хөх монгол нийхмийг уялгын онолоор байгуулсан байдаг. Уялгын онол гэдэг бол гэрийн онол, моны онол, чин үнэний онол, чу үнэний онол, хажир үнэний онол, тэсэж үлдэхүйн онол, тэнгэрийн онол зэргийг бүгдий нь хооронд нь нэгтгэн зангидаж, уяснаар их засаг буюу нэвтэрхий хийхүйг бий болгодог онол юм. Өөрөөр хэлбэл, 13 – р зуун буюу хөх монгол нийхмийн үед их засгийг уялгын онолоор их эзэн Чингис хаан анх бий болгосон байдаг. Монгол суу ухаанд сургаснаар их засаг бол нэвтэрхий хийхүй бөгөөд монголчуудын өмнөх гурван нийхмийн үед бий болгон, мөрдөн хэрэгжүүлж ирсэн бүхий л онолыг уяж нэгтгэснээр энэ их засгийг бүтээжээ. Чингис хаан ийнхүү их засгийг бүтээснээр монгол отог аймгууд нэгдэж Их Монгол улс үүссэн төдийгүй Их Монгол улсын хүн бүр, өрх бүр, айл бүр (ойролцоогоор 10000 өрх), цаашилбал Их Монгол улс ч алив гай гэм, төвөг, бугшмал хэцүүгээсээ бүрэн ангижирч, амьдралын 108 төвшин сайхан тогтоосон байдаг.      
Эндээс дүгнэвэл, Монголын нүүдлийн соёл иргүншлийн дөрвөн нийхэм нь тус тусдаа өөр өөр онолоор байгуулагдаж, өөр өөр нийхэмийг хэрэгжүүлсэн ч нөгөөтэйгүүр бас өөр хоорондоо залгамж холбоотой, энгийнээс нарийн руу шилжсэн хөгжлийн диалектик, логик болон амин холбоотой болох нь харагдаж байна. Энэ бүхний дүнд онолтой явагчийн нийхэм жинхэнэ утгаараа цогцлон сүндэрлэсэн байна. Түүгээр ч барахгүй монголчууд өөрсдийн мандан бадрахуйн 90 цэвэр нийхмийг мөрдөн хэрэгжүүлж ирсэн бол бас дайснаа дардаг 16 хар нийгмийг ч бас хэрэгжүүлж ирсэн байдаг.
Гэтэл хүн төрөлхтөн онолгүй явагчийн нийгэм байгуулсан бөгөөд нийгэмд бугшсан гай гэмээрээ хүн төрөлхтөн арай өөр нийгэм байгуулах ёстойгоо дөнгөж өнгөрсөн зууны эхээр л ойлгож эхэлсэн. Тэр шинэ нийгэм нь ардчилсан нийгэм байв.  Ардчилсан нийгэм бол хүн бүрт эрх, эрх чөлөө эдлүүлэхийг зорилгоо болгодог нийгэм. Энэ нь өмнөх нийгэмүүдэд хүмүүс эрх, эрх чөлөөг нийтээрээ эдэлж чадахгүй байсныг, бас эрх, эрх чөлөө гэдэг бол өмч хөрөнгөтэй хэдхэн хүний л эдэлдэг зүйл  байсныг илтгэн харуулна.    
НҮБ – аас “Хүн төрөлхтний 21 – р зуунд хөгжүүлэх нийгэм бол хүмүүнлэг энэрэнгүй, ардчилсан нийгэм байна” гэж тунхаглан зарласан. Энэ нь өмнөх нийгэмүүд хүнлэг энэрэнгүй байж чадаагүй учраас л одоо байгуулах нийгэмээ хүнлэг энэрэнгүй байлгах зорилго тавьж байгааг илэрхийлнэ. Энэ бүхэн нь хүн төрөлхтний нийгмийн хөгжил ямар ч үзэлгүй, онолгүй, бодлогогүй явж ирсний гай.
Ийнхүү хүн төрөлхтний нийгмийн хөгжил өнөөдрийг хүртэл өөрийнхөө аясаар, өөрийнхөө хар зөнгөөр л явж ирсэн болохоос түүнд хүн болоод хүний ухамсарт бөгөөд ухаант оролцоо даанч туссангүй. Хүний ухамсарт бөгөөд ухаант оролцоо тусаагүй учраас л нийгмийн хөгжил онолгүй буюу удирдлага чиглүүлэггүй, засах залах жолоодлогогүй явж иржээ.
Харин үүнд анх удаа анхаарлаа хандуулсан, тэр бүү хэл анхаарлаа анх удаа шинжлэх ухаанчаар хандуулсан хүмүүс бол К.Маркс, Ф.Энгельс нар юм. Тэд тэртээ 19 – р зуунд хүн төрөлхтний нийгмийн хөгжил болохгүй байна гэдгийг анх удаа олж хараад, түүнд шинжлэх ухааны онолын үндэстэй хандан судалснаар хүн төрөлхтний нийгмийн хөгжлийг засах залах, удирдан чиглүүлэх шинжлэх ухааны үндэстэй онолыг анх удаа боловсруулсан нь марксизм юм.
Марксизмын онолд аливаа нийгэм нь дарлал мөлжлөггүй, чинээлэг хангалуун, эрдэм мэдлэгтэй, оюунлаг боловсон,  хүнлэг энэрэнгүй оршихын үндэс нь өв тэгш хүмүүжилтэй бие хүнийг төлөвшүүлэх явдал гэж үзсэн. Ингэснээрээ нийгмийн бүхий л асуудлыг өмч хөрөнгө шийддэг өмнөх нийгмүүдийн онолгүйн алдааг эрдэм мэдлэгтэй, боловсрол хүмүүжилтэй бие хүнийг хөгжүүлснээр засах шийдэл, гарцыг боловсруулсан байдаг. Үүний эцсийн мөн чанар нь нийгмийн хөгжил дэх хүний болон хүний оюунлаг хүчин зүйлийн оролцоог тусгасан, нэмэгдүүлсэн хэрэг юм.
К.Маркс, Ф.Энгельс нарын боловсруулсан нийгмийн хөгжлийг удирдан чиглүүлж, засан залах марксизм хэмээх энэхүү дэвшилтэт үзэл, онол, сургаалийг Ленин хувьсгалжуулж, Сталин үзэл сурталжуулсан учир коммунизм хэмээх нэрэн дор харамсалтайгаар булшлагдсан байдаг.
Өнөөдөр ардчилал мухардалд орсноор хүн төрөлхтөн ерөнхийдөө ардчилалд эргэлзэж, зарим хэсэг нь тухайлбал, арабын ертөнц бүхэлдээ ардчилалыг эсэргүүцэж, латин америкийн орнууд өөрсдийн үзэл онолоор замнаж, европ чимээгүйхэн хөгжлийн дараагийн гарц хайж эхлээд байгаа нь олзуурхууштай. Ялангуяа, Англи, Франц улсад улс төрийн намаас татгалзах үзэл, хандлагууд газар авч байгаа бол Германд мөн улс төрийн намаас татгалзахын зэрэгцээ марксизмыг судлах явдал газар авч байна. Германы эрдэмтэн, судлаачид марксизмыг судлахын тулд Орос улсад олноороо ирж марксизмд  суралцаж, судалцгааж байна. Учир нь, Германд марксизмыг судлах ажил бараг хийгдээгүй бөгөөд харин Оросд энэ чиглэлээр хийгдсэн судалгааны бүтээлүүд маш элбэг байдаг байна.
Өнөөгийн бидний ухвар мөчид ойлголтоор хүмүүс хамтран амьдрах жам ёс, дэг жаяг гэдэг хууль зөрчихгүй, хэрэг зөрчил гаргахгүй, гэмт хэрэг хийхгүй байх л гэж төсөөлөгдөж ойлгогдоно. Тэгвэл хүмүүсийн нийтээрээ хамтран амьдрах жам ёс, дэг жаяг буюу нийхэм гэдэг бол хүн төрөлхтөн орчлон ертөнцийн оршихуйн жам ёсонд зохицож, дэлхийн амьдралын дэг жаягт нийцэж аж төрөх хамгийн зөв тогтолцоо юм. Чухамхүү үүнд л нийхэм – ийн цаад утга агуулга, мөн чанар оршино. 
Жам гэдэг бол орчлон ертөнцийн хууль. Ёс гэдэг бол орчлон ертөнцийн хуулинд зохицсон хүний амьдрахуйн хууль. Энэ хоёр үг нийлж жам ёс болохоороо хүн төрөлхтөн орчлон ертөнцийн хуулинд зохицож оршин амьдрах ёстойг хэлж өгнө. Дэг гэдэг бол байгаль дэлхийн хууль. Жаяг гэдэг бол байгаль дэлхийн хуулинд зохицсон хүний амьдрахуйн хууль. Энэ хоёр үг нийлж дэг жаяг болохоороо хүн төрөлхтөн байгаль дэлхийн хуулинд зохицож оршин амьдрах ёстойг хэлж өгнө. Хаашаа ч харсан хүн төрөлхтөн орчлон ертөнцийн болон байгаль дэлхийн оршихуйн жам ёсыг зөрж, гажиж чадахгүй. 
Тэгвэл эцсийн эцэст, нийхэм гэдэг чинь хүн төрөлхтнөөс орчлон ертөнцийн оршихуйн жам ёс хийгээд байгаль дэлхийн оршихуйн дэг жаягт зохицож, орчлон ертөнц хийгээд байгаль дэлхийтэйгээ нэгдэн нийлж, тэдгээртэй хамтран орших хүн төрөлхтний аж төрөх хууль ажээ. Тодруулж хэлбэл, нийхэм гэдэг бол зөвхөн хүмүүс хоорондоо нэгдэн нийлж, эв найрамдалтайгаар хамтран амьдрах тогтолцоо төдийгүй хүн төрөлхтнөөс байгаль дэлхийтэйгээ, орчлон ертөнцтэйгөө, цаашилбал газар тэнгэртэйгээ  зөв зохицон, нэгдэн нийлж, эв нэгдэлтэйгээр хамтран орших тогтолцоо байдаг байна.
 
 

Танд манай сайт таалагдаж байвал LIKE, SHARE хийгээрэй. Танд баярлалаа.


ЭНД ДАРЖ НАЙЗУУДДАА ТҮГЭЭ /SHARE/
  Free counter and web stats